“Эдгэрдэг” асфальтбетон хучлага

Энхсайхан
Энхсайхан
2024-10-23

Энэхүү технологи нь асфальтбетоныг бичил хагарал, эвдрэлийн дараа өөрийгөө сэргээн засдаг, ойр ойрхон засвар хийх хэрэгцээг багасгаж, замын ашиглалтын хугацааг уртасгадаг давуу талуудтай.

Асфальтбетон хольцод ган утаслаг эсвэл карбон зэрэг цахилгаан дамжуулагч материалыг нэмж өгснөөр цахилгаан соронзон индукцээр халаах үед дулаан үүсгэж өгдөг. Халаахын тулд соронзон индукцийн ороомгоор тоноглогдсон машинаар жилдээ нэг удаа гадаргуу дээгүүр явуулж гүйдэл үүсгэдэг. Ингэснээр хучлагын температур нэмэгдэх үед асфальтбетоны битум зөөлөрч, бичил хагарлын ан цавуудыг битүүмжилдэг. Ингэснээр 4.3 см хүртэл гүнтэй ан цавыг нөхөх чадвартай бөгөөд хучилтын ашиглалтын хугацааг 30% хүртэл уртасгаж, эвдрэлийг өөрөөрөө олон удаа засдаг тул засварын ажлын давтамжийг эрс багасгадаг. Байнга засвар хийх шаардлагагүй тул нийслэл хотын автозамын арчлалт засварын зардлыг их хэмжээгээр хэмнэх боломжтой. Эвдрэлээс шалтгаалсан зам хааснаас үүдэлтэй түгжрэлийг багасгаж, алдагдсан боломжийн зардлыг бууруулах ашиг тустай. Нидерландын Делфтийн технологийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас харахад материалын төрөл, эвдрэлээс хамаарч материалын бат бөх чанарыг сэргээх харьцаа нь 85-100% хүрдэг бөгөөд дахин дахин ашиглах боломжтойг харуулсан байна.

Өөр нэг арга нь барьцалдуулагч бодисыг (тос гэх мэт) жижиг капсулд хийж, асфальтбетонд хольж өгдөг. Эвдрэл үүсэх үед даралтын нөлөөлөл нь капсулыг задалж, бодисыг тухайн хэсэгт тархааж битүүмжилдэг. Нэмж дурдахад капсултай бодисыг ихэвчлэн ургамлын тос гэх мэт байгальд ээлтэй материалаар хийдэг. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд шинээр асфальтбетон үйлдвэрлэх хэрэгцээ, засварын давтамжийг бууруулснаар түүхий эд, CO₂ ялгаруулалтыг багсагдаг.

Өөрөө эдгэрдэг асфальтбетон нь уламжлалт асфальтбетон хольцоос 25-30% илүү үнэтэй байдаг. Мөн эрс тэс хүйтэн цаг уурын нөхцөлд уг материалыг талбайд туршилтууд хийх шаардлагатай. Хотын хөгжил, авто замын хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр энэхүү технологи нь замын чанарыг хадгалахын зэрэгцээ зардал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж олон улсад үзэж байна.

Эх сурвалж: https://www.sciencedirect.com/.../pii/S2097049823000550