“ХҮНД МАШИН МЕХАНИЗМ, ЗАМ БАРИЛГЫН АЖЛЫН ХУРАЛ 2023” Онцлох инновацууд
Канад улсын Авто замчдын холбоо болон Хүнд машин механизм, барилгын холбооноос (WCR&HCA) 2023 оны хоёрдугаар сард “Хүнд машин механизм, зам барилгын ажлын хурал”-ыг зохион байгуулсан байна. Уг хурлаас “McAsphalt” компанийн нэмэлт агуулсан асфальтбетон хучилт болон “Volvo CE” компанийн 100% цахилгаан экскаватор “EC230”-ыг онцлох инновацаар сонгон танилцуулж байна.
Хурлаас онцлох инновац Канадын “McAsphalt” компанийн “Everlife” асфальтбетоны нэмэлт хольц нь авто замын эвдрэл, Канадын эрс тэс уур амьсгалд зохицсон замын насжилтыг нэмэгдүүлэх полимер нэмэлтүүдийг агуулснаараа онцлог юм. Одоогоор Канад даяар нийт 26 байршилд төсөл хэрэгжүүлсэн бөгөөд хүйтэн уур амьсгалтай хэсгүүдэд өндөр үр дүн үзүүлж байгааг хурлын үеэр танилцуулсан. Уг нэмэлтүүдийг ашигласнаар зуны болон өвлийн нөхцөлд хэв гажилт, эвдрэлүүдийг багасгадаг. Мөн уламжлалт асфальтбетон хольцод ашиглаж болохын зэрэгцээ хүйтнээр дахин боловсруулахад ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
Volvo CE компанийн дэд ерөнхийлөгч доктор Рэй Галлант Volvo-ийн орчин үеийн машин механизмын чиг хандлага буюу хиймэл оюун ухаан, тогтвортой эрчим хүч, автоматжуулалт гэсэн гурван технологид суурилан хөгжүүлэлт хийгдэж байгаа талаар илтгэлийг тавьсан юм. Утаа ялгаруулалтгүй хүнд машин механизмуудын сүүлчийн шатны туршилтууд амжилттай хийгдсэн ба 2023 онд Volvo-гийн анхны цахилгаан экскаватор EC230-аас гадна өндөр хүчин чадал бүхий бусад цахилгаан тоног төхөөрөмж өргөн хүрээнд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар хурлын үеэр танилцуулсан байна. Volvo-гийн EC230 цахилгаан экскаватор нь өмнөх EC220e дизель экскаваторын загвар дээр суурилж 22 тн жинтэйгээр үйлдвэрлэгдсэн ба өмнөх загвартай харьцуулахад энерги зарцуулалт 60-70% буурсан. Цахилгаан экскаватор нэг бүрэн цэнэглэлтээр найман цаг ажиллах хүчин чадалтай байгаагаараа онцлогтой юм.
https://mcasphalt.com/products/everlife-asphalt-mixes/everlife-flex/
https://www.volvoce.com/united-states/en-us/products/electric-machines/