Замын хөдөлгөөний хяналтын системд хувьсал хийх AI камер
Жолоо барих үедээ утсаа оролдох болон хамгаалалтын бүс зүүгээгүй хүмүүсийг автоматаар илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан камеруудыг дэлхийн олон улс орны хотууд байрлуулж байна. Саяхан Их Британий Манчестер хотод туршилтаар байрлуулсан.
Их Британий замын хөдөлгөөний албаны мэдээлснээр анхаарал сарних, хамгаалах бүс зүүхгүй байх нь зам тээврийн ослын "гол хүчин зүйл" бөгөөд жолооч нар жолоо барьж байхдаа утсаа ашиглавал осолд өртөх магадлал дөрөв дахин, хамгаалах бүс зүүгээгүй бол осолд өртөж нас барах магадлал хоёр дахин их байна.
Энэхүү хиймэл оюун ухаантай камеруудыг танилцуулж буй нь жолооны ард гар утас ашиглахын хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх мөн зам тээврийн ослыг бууруулах зорилготой юм.
AI замын хөдөлгөөний камер хэрхэн ажилладаг вэ?
"Замын хөдөлгөөний хяналтын бүрэн автоматжуулсан систем" нь хиймэл оюун ухаантай камер ашиглан тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлэн мэдээлдэг. Эдгээр камерууд нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд 4G LTE технологийг ашиглан тээврийн хэрэгсэл бүрийг сканнердаж, мэдээллийг хяналтын өрөөнд илгээдэг. Хяналтын өрөөнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл, жолооч нарын зургийг хүлээн авч зөрчил гарснаас хойш 24 цагийн дотор тээврийн хэрэгсэл эзэмшигчид шуудан, цахим шуудан, гар утасны мессежээр мэдэгддэг.
AI замын хөдөлгөөний камер нь тандалтын зорилгоор гэрэл багатай эсвэл шөнийн цагаар ч тод, өндөр чанартай зураг авдаг бөгөөд 24 цагийн турш ажиллах чадвартай.
AI замын хөдөлгөөний камер ямар зөрчлийг мэдээлэх боломжтой вэ?
Хамгаалалтын малгай, бүс зүүгээгүй, хоёр дугуйт тээврийн хэрэгсэлд хоёроос дээш хүн авч явах, жолоо барьж байхдаа утас хэрэглэх, улаан гэрлээр явах зөрчлүүдийг илрүүлдэг. Түүнээс гадна дүрэмд суурилсан зөрчил, объект илрүүлэх, автомашины дугаарыг таних, хурд таних гэх мэт алгоритмуудыг дэмжих боломжтой.
Мөн энэхүү төхөөрөмжөөс яаралтай түргэн шуурхай хүрэх шаардлагатай машинуудыг хасах боломжтой. Үүнд гал унтраах машин, түргэн тусламж, цагдаа болон яаралтай нөхцөлөөр ажилладаг бусад тээврийн хэрэгслүүд орно.
Хиймэл оюун ухаантай замын хөдөлгөөний камерууд нь замын хөдөлгөөний удирдлага, аюулгүй байдлын салбарт томоохон дэвшил болж байгаа бөгөөд ирэх жилүүдэд улам боловсронгуй болж, өргөн тархах төлөвтэй байна.