Хятад улсын гүүрийн инженерүүд шинэлэг технологиор дэлхийн дээд амжилтыг тогтоов
Хятад улсын инженерүүд уулархаг бүсэд гүүр барих шинэлэг технологиудыг боловсруулж, мега төслийн салбарт шинэ дээд амжилтыг тогтоожээ. Инженер технологийн салбарт оруулсан энэхүү хувь нэмрийг үнэлж, Үндэсний Инженерийн шагналыг 81 хүн, 50 багт гардууллаа.
Шагнал хүртсэн багуудын нэг нь Хятадын баруун өмнөд хэсгийн уулархаг Гуйжоу мужийн инженерүүд юм. Тус багийнхан газарзүйн хүнд нөхцөл, экологийн тогтворгүй байдал болон бусад сорилтуудыг үл харгалзан хамгийн сүүлийн үеийн 7 шинэ технологи боловсруулж, дэлхийд тэргүүлэгч томоохон 12 гүүрийг бүтээн байгуулжээ.
Дэлхийн анхдагч
Нэгдүгээр сарын 11-нд Наёнг-Чинлун хурдны замд байрлах Вүмэншань гүүрний гол нуман аркийн угсралтыг дуусгасан ба уулархаг бүсэд бүрэн угсармал технологийг дэлхийд анх удаа ашигласнаараа онцлог юм.
Багийн ахлагч Хан Хунжү CMG-д хэлэхдээ "Бид Гуансин хурдны зам дээрх Бэйпанжяны гүүрийг барих үед ямар ч зам байгаагүй (төлөвлөсөн байршилд). Бүх материалыг гар аргаар, мөн мориор тээвэрлэсэн. Манай баазаас төлөвлөсөн гүүр хүртэл 10 гаруй километр зайтай ба үүнд бид дөрвөн цаг орчим (талдаа 2 цаг) зарцуулдаг. Бид өглөө эрт барилгын талбай руу гарч хоёр, гурван цагийн турш хэмжилт хийн буцаж ирдэг" гэжээ.
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужийн Хуажян гол дээр байрлах Их хавцлыг дамнасан дүүжин гүүр 2025 онд ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр гүүр болох төлөвтэй байна.
Дамнуруунаас усны түвшин хүртэл 625 метр, гол алгаслын бүтээц нь 1420 метр урт бөгөөд Хуажян Их хавцлын гүүр нь нийт 2980 метр урттай юм. Гүүрний үндсэн бүтээцийг 2024 онд дуусгаж, 2025 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Энэхүү Гүүр ашиглалтад орсноор хавцлаар дамжин өнгөрөх хугацаа 70 минутаас ердөө нэг минут болж буурч аялал жуулчлал, хөдөө орон нутгийг сэргээхэд томоохон түлхэц болно гэж үзэж байна.
Байгаль орчинд ээлтэй инженерчлэл
Гуйжоу мужийн Жянжэ Гол дээгүүр барьсан гүүрэн байгууламж нь орон нутгийн тээврийг хөнгөвчлөхөөс гадна экологийн болон эдийн засгийн үр өгөөжийг авчирсан.
“Барилгын ажилд дахин боловсруулсан шороо болон чулуун хог хаягдал хэрэглэсэн бөгөөд эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор нарийвчилсан дүн судалгаа шинжилгээ, туршилт, инженерийн аргачлалуудыг ашигласан"
"Машинаар боловсруулсан элс бетоны технологийн тусламжтайгаар зөвхөн гүүрийн барилгын ажилд гэхэд 100 сая шоо метр материал хэрэглэсэн. Энэ нь барилгын зардлаас 23 тэрбум юань (ойролцоогоор 3.19 тэрбум доллар) хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 3.3 сая гаруй тонноор бууруулсан" гэж ерөнхий инженер Му нэмж хэлэв.