МОНГОЛ ОРНЫ ХАЙРГАН ХУЧИЛТТАЙ ДАВААНЫ ХӨРСИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТУРШИЛТ СУДАЛГАА

Зохиогчид: Д.Энхбаатар, М.Цэцгээ, У.Нэргүй, Д.Ганбилэг, Э.Норовсүрэн, Б.Болдбаатар, Ч.Ганзориг

Хэвлэн нийтлүүлсэн он: 2022

Хуудас: 3-11

Манай улсад зарим өндөр уул даваатай газар авто зам барихдаа дагуу налуу ихтэй хэсгийн зорчих хэсгийг хайрган хучилтаар төлөвлөж барьсан байдаг ба эдгээр хэсгүүдэд байгаль цаг уур, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөлөөгөөр авто замын суурийн гадаргуу хуурай үедээ тоос ихээр босож, нойтон үедээ хөрсний нягтрал багасаж хучилтын гадаргууд эвдрэл үүсэх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд энэхүү судалгаагаар хайрган хучилттай давааны хөрсийг уламжлалт (цемент, кальцийн хлорид, магнийн хлорид) болон шинэ төрлийн барьцалдуулагч (лигносульфонат, Dustex®, Pitrosoil®, ANT) бодисуудыг ашиглан бэхжүүлэх зорилгоор лабораторийн болон талбайн туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Физик-механик шинж чанарыг тодорхойлох туршилтын хүрээнд бэхжүүлээгүй дан хөрс болон химийн шинэ төрлийн нэмэлтүүд ашиглан бэхжүүлсэн хөрсний дээжүүдийн ширхэглэлийн бүрэлдэхүүн, хөрсний урсалт, уян налархайн үзүүлэлт, хөрсний нягтрал, шахалтын бат бэх болон ачаа даац (CBR%) зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг лабораторийн түвшинд харьцуулан судлав. Лабораторийн туршилтын үр дүнд комплекс органик нэгдэл болох ANT сайжруулсан хөрс бэхжүүлэгч нэмэлт нь шахалтын бат бэхийг 2.23 МПа, ачаа даац (CBR%)-ын утгыг 42%-иар тус бүр ихэсгэсэн үзүүлэлттэй гарсан. Лабораторийн туршилтаар тогтоогдсон дүнд үндэслэн кальцийн хлорид, лигносульфонат болон ANT хөрс бэхжүүлэгч нэмэлтүүдийг сонгож судалгааны объект болох Горхи-Тэрэлжийн давааны хөрсийг бэхжүүлэх талбайн сорил, туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Талбайн туршилтын үр дүнд сонгосон нэмэлтүүдээс 4% цемент+ANT сайжруулсан хөрс бэхжүүлэгч нь дан цементээр (4%) бэхжүүлсэн хөрсний 7 хоногийн шахалтын бат бэхийг 1.09 МПа-аар нэмэгдүүлсэн болохыг тогтоов. Иймд ANT нэмэлт нь авто замын хөрсний материалын ачаа даац, бат бэхийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслээр зорчиход аюулгүй, тав тухтай байх боломжийг бүрдүүлсэн практик ач холбогдолтой гэж үзэж байна.