18 дахь удаагийн IRF World Meeting & Exhibition
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 4 өдрийн турш үргэлжилсэн дэлхийн дээд хэмжээний уулзалт, технологийн үзэсгэлэн болох 18 дахь удаагийн IRF World Meeting & Exhibition 11-р сарын 6 аас 10-ны өдөр зохиогдож, sustainability (тогтвортой байдал), mobility challenges (хөдөлгөөнт тээврийн гол сорилтуудыг) шийдвэрлэхийн тулд салбар дахь зөвшилцөл, хамтын ажиллагаа, мэдлэгийн түншлэлийг сайжруулах чиглэлд уриалаг гарган зохион байгуулагдсан бөгөөд манай институтийн зүгээс амжилттай оролцлоо.
Тус хуралд нийт 58 орны 250 гаруй илтгэлүүд тавигдсан бөгөөд олон улсын бодлого боловсруулагчид болон авто замын салбарын оролцогч талуудад ирэх жилүүдэд ашиглах мэдлэгүүд, технологийн дэвшлүүдийг танилцуулснаараа онцлог юм. Технологийн үзэсгэлэнд олон улсын нэр хүндтэй 64 компани өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулав.
Хурлын техникийн семинарыг 36 их, дээд сургуулийн нэр хүндтэй мэргэжилтнүүдийн баг бэлтгэсэн бөгөөд энэ нь орчин үеийн жолоочгүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, авто замын шинэ багаж төхөөрөмж, “Vision Zero” буюу зам тээврийн ослын эсрэг стратеги, авто замын салбарын нүүрстөрөгчийг бууруулах зэрэг бодлогын олон асуудлыг хэлэлцэв.
Хаалтын ёслолын үеэр холбооны ерөнхийлөгч Доктор Билл Соуэлл дэлхийн өнцөг булан бүрээс 2487 төлөөлөгчийг цуглуулсан уг арга хэмжээ нь мэргэжлийн хүмүүсийг биечлэн уулзуулж, мэдлэг мэдээллээ солилцохоос эхлээд салбарын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг нээлттэйгээр ярилцах, дараагийн арван жилийн стратегийг боловсруулах зэрэг олон зорилгод хүрсэн гэж онцлон хэлсэн юм.
Үйл ажиллагаа хариуцсан захирал Энхсайхан ROADSCANNER, TROXLER болон бусад компани байгууллагуудтай хамтын ажиллагаа байгуулж iROAD институтаа амжилттайгаар сурталчлан таниулсан юм. Хуралд оролцсон төлөөлөгчдийг Дубай хотын усны сувгийн төсөл болох Арабын булангуудыг холбосон 3.2 км суваг гэх мэт Дубай хотын авто замын шилдэг төслүүдээр аялал хийлгэн үзэж сонирхуулсан. Төслийн захиалагч Зам тээврийн газар (ЗТГ) усан замыг жилд зургаан сая зорчигчдод үйлчилдэг таван өртөө бүхий далайн тээврийн нэгдүгээр зэрэглэлийн төв болгосон байсан бөгөөд сувгийг ухахад гарсан хөрс шороогоор бизнес төвүүдийг барьж байгуулсан хиймэл арлыг бий болгосон нь харахад биширмээр санагдаж байв.
Мөн 28 хоногийн дотор суурилуулж барьсан хөвдөг гүүр, Дубай хотын дэлхийн хамгийн боловсронгуй замын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн нэгд тооцогддог байгууламжаар зочилж ухаалаг технологи ашиглаж хэрхэн зам тээврийн системийн удирдлага зохицуулалт хийхтэй танилцсан үр өгөөжтэй, биширмээр аялал байлаа.