БҮРЭН АВТОМАТ “TIMA” МИНЕРАЛОГИЙН АРГА АШИГЛАН АВТО ЗАМЫН АСФАЛЬТБЕТОН ХУЧИЛТЫН МАТЕРИАЛЫН ЭРДСИЙН АНАЛИЗЫН СУДАЛГАА
Зохиогчид: Д.Энхбаатар, М.Цэцгээ, У.Нэргүй, Д.Ганбилэг, Э.Норовсүрэн, Ч.Ганзориг
Хэвлэн нийтлүүлсэн он: 2021
Хуудас: 89-96
Хүйтнээр дахин боловсруулсан асфальтбетон хучилт (ДБАХ)-ын материалын микро- болон мезо-хэмжээст дэх эрдсийн бүтэц найрлага тодорхойлох, эрдэс хоорондын мөхлөгийн харилцан үйлчлэл болох эрдсийн ассоциацийн төрхийг тогтоох, ДБАХ-д агуулагдах битумын нийт жингийн хувь хэмжээ болон түүний эрдсийн мөхлөг хооронд эсвэл гадаргууд холбогдох байрлалын зураглал буулгах зорилгоор эрдсийн чөлөөлөгдсөн мөхлөгт эрдсийн шинжилгээг хийдэг бүрэн автомат эрдсийн анализын шинэ арга болох TIMA (Tescan Integrated Mineral Analyzer) минералогийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
Бүрэн автомат TIMA минералогийн анализын арга ашиглан судалгаанд сонгож бэлтгэсэн ДБАХ дээжийн сонгосон мезо-хэмжээст талбайд 23 эрдсийн бүтэц найрлагыг тодорхойлж, тухайн дээжийн эрдсийн ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалт, эрдсүүдийн гадаргуу дахь фаз болон мөхлөг хоорондын ялгарал бүхий TIMA панаграмм зураглал, эрдсийн ассоциац бүхий харилцан үйлчлэлийг хэмжиж тогтоосон. Мөн хүйтнээр ДБАХ материалын эрдэс хооронд битумын оролцоотой үүссэн химийн холбоог хэт улаан туяаны спектроскоп (Fourier Transform Infrared Spectroscopy, FTIR) анализын аргын үр дүнд тулгуурлан тайлбарласан.
TIMA минералогийн ананлизын аргаар ДБАХ материалын дээжийн эрдсийн найрлагыг тодорхойлоход ангилагдаагүй буюу органик гаралтай бодис шинээр 3.32% нийт жингийн хувьтай илэрч, харин альбит, иллит, кварц, анкерит, алюмосиликат зэрэг эрдсүүд зонхилох жингийн хувиар тодорхойлогдсон ба эдгээр эрдсүүд нь ангилагдаагүй хэсэг болох битумтай харилцан үйлчлэлцэж, ассоциацлагдан байрлаж буйг дээжийн ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалт, партиклийн дундаж хэмжээ, эрдсийн гадаргуу дахь фаз болон эрдсийн мөхлөг хоорондын ялгарал, TIMA панаграмм зураглал дээр үндэслэн тодорхойлж тогтоосон.