ДАХИН БОЛОВСРУУЛСАН АСФАЛЬТБЕТОН ХОЛЬЦИЙН ХИМИЙН БОЛОН ЭРДСИЙН БҮТЭЦ, НАЙРЛАГЫН СУДАЛГАА

Зохиогчид: Д.Энхбаатар, М.Цэцгээ, Б.Болд, Э.Эгшиглэн, Д.Ганбилэг, Ч.Ганзориг

Хэвлэн нийтлүүлсэн он: 2020

Хуудас: 41-50

Монгол орны замын эвдрэлээс нь хамааруулан бүсчилсэн 2 байршлаас замын суурийн үе болон шинээр зам тавихад ашиглаж буй дахин боловсруулсан хольцын химийн болон эрдсийн бүтэц, найрлагыг харьцуулан судлав. Дээжүүдийн элементийн агуулгыг ICP-OES, EDS болон XRF, гадаргуугийн бүтэц морфологийг SEM, эрдсийн бүтэц найрлагыг XRD, ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтыг TIMA анализын аргуудаар тодорхойлсон. Дээж бэлтгэлийг хатаагч, ялгаатай 2 хэмжээст бутлуур болон нунтаглагч ашиглан ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтыг тодорхойлоход дундаж хэмжээсийн утга 83.9 µм байсан.

Туршилтад сонгосон дээжүүдэд нийт 42 элементийн агуулга, 21 эрдсийн бүтэц найрлагыг тодорхойлсон. Чанарын болон тоон шинжилгээний анализын үр дүнг боловсруулан хөрсний элементийн болон эрдсийн тодорхойлогдсон нийт агуулгаар тооцоход дээжүүдэд 5.31% алдаа бүхий 96.11% дундаж утгатай байсанг тогтоосон. 

Эвдрэлтэй замын хуучин суурийн материалыг дахин боловсруулан асфальтбетон хучилт бүхий шинэ зам тавихад ашиглахдаа цементийг бэхжүүлэгчээр ашигласан нь хольцод гидратжих болон пуццоланы урвал явагдсан байх боломжит механизмыг кварц, альбит, анортит болон хлорит эрдсүүдийн эзлэх хувь мэдэгдэхүйц их хэмжээгээр нэмэгдсэн ба мөн дээжүүдэд гематит болон магнетит эрдсүүдийн агуулга эрс багасаж гарсан судалгааны үр дүнтэй холбон тайлбарлав. Энэ дүгнэлт нь нунтаг эрдсийн мөхлөг болон дүүргэгчийн хооронд гидратжих болон пуццоланы урвал дараалан явагдаж хөрсөнд цементэн төст болон пуццоланы нэгдлүүд үүссэн байх таамаглалыг дэвшүүлэв.